УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт бага олимп зохион байгуулахаар болов

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг өчигдөр хүлээн авч уулзлаа.  Тэд хөдөө орон нутгийн иргэдийг спортод дур сонирхолтой болгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхиүлэн дэмжих, олимпизмийн үзэл санааг түгээх зэрэг асуудлаар санал солилцов. Мөн ойрын жилүүдэд Ховд аймагт спортын бага олимп зохион байгуулахаар тохиролцжээ.  Түүнчлэн  Ш.Адьшаа, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүний хувьд жүдо бөхийн төрлөөр Ховд аймгаасаа олимпийн аварга төрүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилга гарган төрөлх нутаг Ховд аймагтаа Жүдо бөхийн ордон байгуулсан. Мөн Бага олимп буюу нийтийг хамарсан спортын наадмыг  2014 онд аймагтаа зохион байгуулж байв.  Тэмцээн үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сурын харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даам, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг 10 гаруй төрлөөр аймгийн төвийн 12 баг, 16 сумын нийт  1500 орчим тамирчдыг хамруулсан.  “Амжилтын оргил өөд”  уриатай бага олимп “Бага олимпоос их олимпын аварга төрдөг. Ховд аймгаас олимпын аварга төрүүлэхийн төлөө хамтдаа” зорилгын дор явагдаж залуусыг урамшуулж, зоригжуулсан тав хоног үргэлжилсэн үйл ажиллагаа болсон билээ.

Бусад мэдээ