Халдвар авсан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барив 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа коронавируст халдвар /ковид-19/ цар тахалтай тэмцэж халдварын голомтод ажиллаж байгаад ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад буюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл боловсруулснаа өргөн барив. 

Коронавируст халдвар /ковид-19/ Монгол Улсад  бүртгэгдэн гарснаас хойш халдварын тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 923 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл ахуйн хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Тэднээс  148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа, эдгээрээс эмч, эмнэлгийн ажилтан 41 хүн халдвар авснаас 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авчээ. 

Иймд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа учраас уг хуулийн төслийг санаачлан өргөн барьж байгаа юм. Халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох эх үүсвэрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломжтой гэж үзэж байгаагаа мөн хуулийн төслийн танилцуулгад тусгасан байна. 

 

 

 

 

 

 

 

            

 

 

Бусад мэдээ