Ш.Адьшаа: Булган сум эдийн засгийн зангилаа, боомт хот болж хөгжих ёстой

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Булган сумын иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо

  УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Ховд аймагт хийж буй томилолт Булган сумын иргэдтэй уулзсанаар үргэлжилсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус суманд ажиллахдаа “Шинэ сум” төсөлд хамруулах санаачилга гаргаж буйгаа илэрхийлэхэд нутгийн иргэд талархан хүлээж авсан. Энэ талаар иргэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодруулж байв. Уг суманд шаардлагатай ямар бүтээн байгуулалт хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Ажлын албатай хамтран иргэдээс албан ёсоор бичгээр санал авах ажлыг зохион байгуулж байгаа тул Булган сумынхныг идэвхитэй оролцохыг уриаллаа. Учир нь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус сумын Баянсуудал багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр 6-9 настай хүүхдүүд 5-8 км холоос сургуульд ирж байгаа учраас бага сургууль барих санал хэд хэдэн хүн хэлэв. Уг саналаа “Шинэ сум”ын төвийн бүтээн байгуулалтын талаарх санал асуулгад бичиж өгөх нь бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах ажлын хэсэгт хүргэж байгаа гэсэн үг юм.

Мөн Булган сумын Байтаг багийн иргэдээс залуучуудад ажлын байр бий болгох, багийн төвийг цахилгаантай холбож, гар утасны сүлжээ сайжруулах санал хэлж, “Шинэ сум” төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Булган сум эдийн засгийн зангилаа, боомт хот болж хөгжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймагт ажиллахдаа Булганд суманд ирж, иргэдтэй уулзсан. Булган сумыг хилийн боомттой учир цаашдаа хөгжүүлэх үүднээс “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж үзсэн. Эхлээд иргэдээс хаана нь жижиг үйлдвэр байгуулах, хаана нь сургууль, цэцэрлэг байгуулах вэ гээд санал асуулга аваад дараа нь нээлттэй хэлэлцүүлж, ажлын хэсэг Булган суманд ирж ажиллан төлөвлөлтөө гаргана гээд шат дараалалтай чухал ажил байгаа. Мөн олон улсын тээвэр логистикийн төв Ховдод байгуулж, Булганы хилийн боомтыг өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийн хэлэлцээрийг Азийн хөгжлийн банктай хийж байгаа” гэлээ.

Сайны хажуугаар саар зүйл ч бий. Жишээлбэл, хууль шүүхийн байгууллагууд жирийн иргэдэд хатуу чанга хандаж, эрх мэдэлтэй, том компаниудад тал засдаг байдал сүүлийн үед газар авчээ. Хувиараа алт олборлосон гээд Зөрчлийн тухай хуулиар торгууль төлөөгүй, шийтгүүлээгүй хүн цөөхөн байгаа аж. Гэвч үнэндээ ажлын байр хомс, эдийн засаг хүндхэн байгаа учир иргэд банкны зээл, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд хувиараа алт олборлосон. Цаашдаа энэ асуудлыг бодлогын хэмжээнд анхаарч үзэхийг Булган сумын Баянгол болон 4,5 дугаар багийн уулзалтын үеэр хөндөн ярьж байлаа.  

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хууль ёс, шударга ёс биелүүлэх байдал туйлын хангалтгүй байгаа. Хүрз барьсан хүмүүсийг торгож, шийтгэдэг атал том том машин техниктэй ирээд алт ухаж, байгаль орчин сүйтгэж байхад толгойг нь илдэг. Айлууд хашааны газар авч чадахгүй байхад уул уурхай эрхлэх зөвшөөрөл өгдөг гэх мэт хууль бус үйлдлүүд Булган суманд байна. Алттай холбоотой асуудал хүн бүрийн сэтгэлийг зовоож байгаа. Багийн Иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ-аар уул уурхайн лицензтэй холбоотой тайланг жил бүр тавих ёстой байтал сүүлийн жилүүдэд тайлангаа танилцуулаагүй гэж байна” гээд БОАЖЯ, УУХҮЯ Гар аргаар алт олборлох тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг татан авсан тулд үүнд анхаарч ажиллахаа хэлсэн юм.

Арьс шир боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулах, бэлчээрийн хүрэлцээний асуудал хүнд байгаа талаар малчид саналаа хэлж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Ганц Булган суманд арьс шир боловсруулах үйлдвэр хэрэгтэй байгаа юм биш ээ. Монгол орон даяар тулгамдсан асуудал болоод байна. Суманд арьс шир боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд олон улсын чанарын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй, бэрхшээлтэй байх талтай. Харин Дархан хотод арьс ширний цогцолбор байгуулж байгаа учир түүнд түүхий эд нийлүүлэхийн тулд малын өвчингүй, чанартай байх шаардлага малчдын өмнө гарч ирнэ. Цаашдаа малын тооны хойноос хөөх биш чанарын асуудлыг анхаарч үзвэл бэлчээр зэрэг олон зүйл шийдэгдээд явах болно. Мөн малын мах экспортлох асуудлыг УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны үеэр хөндөж ярьж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд нийлүүлэхийн тулд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол манай улсын хувьд чухал асуудал” хэмээн иргэдийн мэдэхийг хүссэн зарим мэдээллийг өгсөн юм.

Ингээд Булган сумын иргэд Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэн Ховд аймаг төдийгүй сумдад хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгад талархаж, дэмжиж оролцохоо илэрхийллээ. Мөн “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж Булган сумыг шинэчлэх ажлыг тал бүрээр дэмжихдээ баяртай байгаагаа хэлж, амжилт хүслээ.

 

Бусад мэдээ